"Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба болон Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хоорондын хамтран ажиллах уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад "Агро-сити" дагуул хотын захирагчийн ажлын албаны дарга Б.Одбаяр, Хот байгуулалтын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Отгонжаргал, Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Энхболд нар болон тус лабораторийн Ерөнхий захирал Б.Дөлгөөн, удирдлагын зөвлөлийн багийн гишүүдийн хамт оролцлоо.
Уулзалтаар эдийн засгийн тусгай бүсийн "Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г танилцуулж, хүнсний аюулгүй байдал болон экспортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлээр тусгай бүсэд хүнсний лаборатори байгуулах хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг тодорхойлов.
Үндэсний лавлагаа лабораторийн зүгээс Нийслэл болон орон нутгийн лабораториудын уялдааг хангах шаталсан тогтолцоог бүрдүүлэх ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлж хүнсний үйлдвэрлэл, экспортын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд шинээр байгуулагдах лабораториудын үйл ажиллагааг нэгдсэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах болон бусад асуудлаар тус тус хамтран ажиллахаа илэрхийлэв.

