Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн албан хаагчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хот дахь Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн шинжлэх ухааны академийн Чанарын стандарт, туршилтын технологийн хүрээлэнд 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ажиллаж, хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Эрсдэлийн үнэлгээ, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Л.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид болон тус хүрээлэнгийн захирал Чиу Жин, дэд захирал Ли Чен болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, хүнсний аюулгүй байдлын шинжилгээ, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монголын төлөөлөгчид тус хүрээлэнгийн үйл ажиллагаа болон лабораториудтай танилцаж, орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмж, шинжилгээний арга, аргачлал, технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авлаа.
Түүнчлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийг тодорхойлох ахисан түвшний шинжилгээний арга зүй, өндөр мэдрэмжит LC-MS/MS багажийн технологи, түүний хэрэглээтэй танилцсан юм.